Хүннүгийн түүх, өв соёлын шинэ олдворуудыг дэлгэлээ

 Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан "Хүннүгийн түүх, өв соёл" нэртэй үзэсгэлэн Төрийн түүхийн музейд нээгдлээ.

Энэ үзэсгэлэнд сүүлийн хоёр жилд шинээр олдсон олдвороос 300 гаруй үзмэр, эд зүйлийг дээжлэн дэлгэжээ.

Хүннүгийн язгууртнуудын эдэлж байсан чимэг зүүлт, сүйх тэрэгний тоноглол, цэргийн зэр зэвсэг, төрийн болон шүтлэгийн бэлгэдэлт зүйлсээр дагнасан энэ удаагийн үзэсгэлэнд алт, мөнгө, хаш, оюузэрэг үнэт эдлэл, хүрэл, төмөр, үйс, ясан хэрэгслүүд байна.

Үзэсгэлэнд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхим болон бусад музейгээс оролцож, хамтран ажиллажээ. Монголчуудын анхны төрт улсын их түүхээ хүндэтгэх, нэхэн тодруулах зорилготой үзэсгэлэнгээ Төрийн ордон олон нийтэд нээлттэй болсонтой холбогдуулан Төрийн түүхийн музейд нээсэн гэж зохион байгуулагчид хэллээ.

Хүннүгийн археологийн судалгааны ажил хийгдэж эхлээд 90 шахам жил болох хугацаанд монгол нутгаас Хүннүгийн язгууртны булш 50 гаруй газарт, 3000 гаруй тоогоор олдоод байгаа юм. Тэр дундаа Хараагийн Ноён уул, Бороогийн суурин, Хануй гол, Дуурлиг нарс, Морин толгой, Гол мод-1,2 зэрэг газраас түүхийн ач холбогдол өндөртэй дурсгалууд олдсон байдаг.

Хүннүгийн түүх, өв соёлыг харуулах энэ үзэсгэлэн Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн Баганат танхимд сарын турш олон нийтэд үнэ төлбөргүй, нээлттэй үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.